Монголын дата мэргэжилтнүүд булан №2
🇲🇳 Монголын дата салбарыг хэн, хэрхэн хөгжүүлж байна вэ?
DAMA Mongolia Chapter-аас өгөгдөл, технологийн салбарт ажиллаж буй Монгол мэргэжилтнүүдийн карьерын замнал, бодит туршлага, зөвлөгөөг олон нийтэд хүргэх #МонголынДатаМэргэжилтнүүд цувралыг сард 2 удаа хүргэдэг билээ.
Цувралын дараагийн дугаарын зочноор Rio Tinto Group, CIO Ажлын Алба, Засаглал Хариуцсан Ерөнхий Зөвлөх Ө. Баяртуяа оролцож, дата салбарт анх хөл тавьсан түүх, карьерын туршлага, ажлын онцлог болон энэ чиглэлийг сонирхогчдод өгөх зөвлөгөөгөө хуваалцлаа.
- Өдрийн мэнд, анх дата чиглэлээр ажиллаж эхэлсэн түүхээсээ хуваалцаач.
- Би компьютерын шинжлэх ухаан болон санхүүгийн менежментийн чиглэлээр суралцсан. 2015 онд Рио Тинтогийн Монгол дахь оффист ажилд орж, Analyst Report Developer буюу тайлан хөгжүүлэгч аналистаар өгөгдөлтэй холбоотой ажлын гараагаа эхэлсэн. Тухайн үед SAP BW шийдэл дээр ERP өгөгдөлд суурилсан тайлангуудыг хөгжүүлэх ажлуудыг голчлон хийдэг байлаа. Үүнээс хойш аналитик аппликейшн хөгжүүлэлт, аналитик платформын дэмжлэг болон Business Warehouse тайлан хөгжүүлэлтийн багуудыг удирдан ажилласан. Харин 2020 оноос мэдээллийн технологийн засаглал, хөрөнгө оруулалт, багцын удирдлагын чиглэлээр ажиллаж эхэлсэн. Багцын удирдлага болон засаглалын хүрээнд өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжихэд дата аналитик, тайлан, түүний хэмжүүрүүд маш чухал үүрэгтэй.
- Өгөгдөлтэй холбоотой хийж, хэрэгжүүлсэн ажлуудаасаа жишээ дурдвал?
- Өгөгдөлтэй холбоотой сүүлийн үеийн ажлууд маань зөв цагт, зөв өгөгдөлд үндэслэн зөв хүмүүсийн дунд чанартай хэлэлцүүлэг өрнүүлж, илүү оновчтой шийдвэр гаргах орчныг бүрдүүлэхэд төвлөрсөн гэж хэлж болно. Байгууллагын дунд шатны удирдлагуудад үйл ажиллагааны болон тактикийн шийдвэр гаргахад долоо хоног, сарын давтамжтай хэмжүүрүүд илүү хэрэгтэй байдаг бол стратегийн түвшинд сарын, улирлын болон хагас жилийн гүйцэтгэлийг урт хугацааны зорилттой харьцуулах, мөн цаашдын төлөвийг таамаглах хэрэгцээтэй байдаг.
Тиймээс өгөгдлийг зөвхөн тайлан гаргах хэрэгсэл бус, ажлыг үр дүнтэй, динамик байдлаар удирдах хэрэгсэл гэж хардаг. KPI, OKR болон бусад гүйцэтгэлийн хэмжүүрүүдийг тогтмол хянаснаар төлөвлөгөө бодит үр дүнтэй хэр нийцэж байгааг харж, шаардлагатай үед ажлын чиглэл, эрэмбэ, нөөцийн хуваарилалт, хөрөнгө оруулалтын шийдвэрээ цаг тухайд нь тохируулах боломж бүрддэг. Өөрөөр хэлбэл, бизнесийн гүйцэтгэл болон үйл ажиллагаа явуулж буй орчны өөрчлөлттэй уялдуулан төлөвлөгөөгөө тасралтгүй шинэчилж, илүү уян хатан, өгөгдөлд суурилсан удирдлагын арга барил хэрэгжүүлэхэд дата аналитик, тайлагнал чухал үүрэгтэй.
- Эдгээрээс онцлох төслүүд гэвэл?
- Онцлох ажлын нэг нь 2024 онд Portfolio Coach-ийн хувиар оролцсон Ажлын арга барилын шилжилтийн хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь багуудыг зөвхөн төсөл, бүтээгдэхүүнээр бус, байгууллагад бий болгож буй үнэ цэнийн урсгалын дагуу зохион байгуулж, стратеги ба хэрэгжилтийн уялдааг сайжруулахад чиглэж байсан.
Миний үндсэн үүрэг нь энэхүү загварыг боловсруулах, мөн функцүүдийг өөрсдийн онцлогт нийцсэн илүү уян хатан, төвлөрсөн бус ажиллах арга барилд шилжихэд нь дэмжих явдал байсан. Үүний зэрэгцээ шинэ ажиллах загварыг санхүүжилт, эрэмбэлэлт, шийдвэр гаргалтын тогтолцоотой уялдуулж, байгууллагын хэмжээнд түүнийг зохистойгоор удирдах засаглалын суурийг бүрдүүлэхэд анхаарсан.
Энэ өөрчлөлтийг бодитоор хэрэгжүүлэхэд чанартай өгөгдөл чухал суурь болсон. KPI-ууд нь санхүүгийн болон үйл ажиллагааны гүйцэтгэлийг бодитой хэмжиж, багууд үнэ цэн бүтээж байгаа эсэхийг харах боломж олгосон бол сайн тодорхойлсон OKR-ууд стратегийн зорилтууд руу урагшиалж буй ахиц дэвшлийг илүү тодорхой хэмжихэд тусалсан. Ингэснээр санхүүжилт, эрэмбэлэлт, нөөцийн хуваарилалтыг зөвхөн төлөвлөгөө бодит үр дүн, үнэ цэн, стратегийн ахицад тулгуурлан хийх боломж бүрдсэн.
- Цаашид өгөгдлийн чиглэлээр ямар хөгжүүлэлт хийхээр төлөвлөж байна вэ?
- Цаашид өгөгдлийн чиглэлээр хамгийн их үнэ цэн бий болгох боломжуудын нэг нь Operational technology-ийн орчинд байна гэж харж байна. Уурхай, үйлдвэр, тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлтийн сүлжээ зэрэг бодит үйл ажиллагааны өгөгдлийг ашиглан predictive analytics, digital twin, симуляцийн шийдлүүдээр дамжуулан гүйцэтгэлийг оновчлох, доголдлыг урьдчилан таамаглах, зардал болон эрсдэлийг бууруулах боломжийг байгууллагууд тасралтгүй судалж, туршиж байна.
Харин компаний дотоод үйл ажиллагаа, ялангуяа засаглалын хүрээнд Agentic AI шийдлүүдийг ашиглан олон ажлыг автоматжуулах, оновчлох боломжтой гэж харж байна. Жишээлбэл, өнөөдөр Business Analyst-ийн хийдэг шаардлага цуглуулах, мэдээлэл нэгтгэх, KPI, OKR, санхүүжилт, эрэмбэлэлт, эрсдэлийн мэдээллийг холбон дүгнэх зэрэг давтамжтай ажлуудыг AI agent тодорхой хэмжээнд орлож, эсвэл ихээхэн дэмжих боломжтой. Ингэснээр багууд болон удирдлагууд илүү хурдан, баримтад суурилсан мэдээлэл авч, шийдвэр гаргалт, гүйцэтгэлийн хяналт, санхүүжилтийн засаглалыг илүү динамик байдлаар удирдах нөхцөл бүрдэнэ. Миний хувьд энэ нь хүнийг бүрэн орлох тухай биш, харин засаглалын ажлыг илүү үр ашигтай, урьдчилан таамаглах чадвартай, идэвхтэй удирдлагын хэлбэрт шилжүүлэх том боломж гэж харж байна.
- Хиймэл оюуны талаарх таны бодол?
Хиймэл оюун бол байгууллагуудад ихээхэн боломж нээж буй технологи гэж харж байна. Гэхдээ түүнийг зөвхөн шинэ технологи гэдэг утгаар нь бус, бизнесийн үнэ цэн, эрсдэл, засаглал, хүний оролцоо, өгөгдлийн чанартай нь хамтад нь авч үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, “хиймэл оюун ашиглах уу?” гэдгээс илүү “ямар асуудлыг, ямар үнэ цэнтэйгээр, ямар эрсдэлийн хүрээнд шийдэх вэ?” гэдэг асуултаас эхлэх нь зөв гэж боддог.
Томоохон байгууллагуудын хувьд хиймэл оюунд хөрөнгө оруулах хэрэгцээ нэмэгдэж байгаа ч хөрөнгө оруулалтын өгөөжийг бодитоор хэмжих, хэрэглээний тохиолдлыг зөв сонгох, өгөгдлийн сууриа бэлдэх нь хамгийн чухал сорилт болж байна. Сайн өгөгдөл, тодорхой процесс, хариуцлагатай засаглал байхгүй бол хиймэл оюун хүссэн үр дүнгээ өгөхөөс илүү эрсдэл нэмэгдүүлэх магадлалтай.
Өнөөдөр улс орнууд хиймэл оюуныг зөвхөн технологийн өрсөлдөөн гэж харахаас гадна үндэсний хэмжээний эрсдэл, итгэлцэл, эдийн засгийн өрсөлдөх чадварын асуудал гэж авч үзэж байна. Жишээлбэл, Европын Холбоо AI Act-аараа эрсдэлд суурилсан зохицуулалтын загвар бий болгож, өндөр эрсдэлтэй хэрэглээнд илүү хатуу шаардлага тавьж байна. БНСУ мөн AI Basic Act-аараа инновацыг дэмжихийн зэрэгцээ “high-impact AI” болон generative AI-д ил тод байдал, аюулгүй байдлын үүрэг тогтоож байна. Харин АНУ-ын хувьд NIST AI Risk Management Framework зэрэг сайн дурын боловч өргөн хэрэглэгддэг стандарт, заавраар байгууллагуудын AI эрсдэлийн удирдлагыг чиглүүлж байна.
Монгол Улсын хувьд ч хиймэл оюунд хандахдаа ийм зарчмын түвшний сонголтоо тодорхой болгох хэрэгтэй гэж боддог. Бид AI-г хаана, ямар зорилгоор, ямар өгөгдөл дээр, ямар хяналттай ашиглах вэ гэдгээ үндэсний стратеги, хууль эрх зүйн орчин, өгөгдлийн засаглалтайгаа уялдуулах шаардлагатай. Ингэж чадвал хиймэл оюун нь эрсдэл нэмэх хэрэгсэл бус, харин улс орны хөгжлийн зорилт, нийтийн ашиг сонирхол, бизнесийн өрсөлдөх чадварыг дэмжих хариуцлагатай боломж болж чадна.
- Монголын дата салбарыг таван жилийн дараа ямар байгаасай гэж хүсдэг вэ?
- Таван жилийн дараа Монголын дата салбар зөвхөн технологийн хувьд хөгжсөн бус, харин итгэлцэл, аюулгүй байдал, хариуцлагатай хэрэглээний хувьд төлөвшсөн экосистемтэй болоосой гэж хүсэж байна. Ирээдүйд хиймэл оюун бидний ажиллах, суралцах, бизнес хийх, хүүхдүүдийн маань өсөж төлөвших орчныг хүртэл өөрчилнө. Тийм VUCA буюу тодорхойгүй, хурдтай өөрчлөгдөж буй ертөнцөд бидний хүүхдүүд аюулгүй, итгэлтэй амьдарч чадах орчныг бүрдүүлэх нь хамгийн чухал гэж боддог.
Үүний тулд бид хиймэл оюун болон өгөгдлийн боломжийг ашиглахын зэрэгцээ, түүнтэй хамт ирэх эрсдэлийг бодитоор ойлгодог байх хэрэгтэй. Эрсдэлээ ойлгож, зөв хяналт, засаглал, хууль эрх зүйн орчин, өгөгдлийн хамгаалалт, ёс зүйн зарчмуудаа бүрдүүлж чадвал бид шинэ боломжуудыг илүү итгэлтэйгээр туршиж, хөгжүүлж, ашиглаж чадна.
Өөрөөр хэлбэл, миний хүсэж буй ирээдүй бол айдастайгаар технологиос зугтах биш, бас эрсдэлийг үл тоон хэт яарах ч биш. Харин боломж ба эрсдэлийг тэнцвэртэй харж, хүүхэд, иргэн, бизнес, төрийн байгууллагын эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалсан хяналтын тогтолцоотойгоор өгөгдөл, хиймэл оюуны боломжийг хариуцлагатай ашигладаг экосистем юм.
Ийм суурь бүрдвэл Монгол Улс хиймэл оюунаар дахин тодорхойлогдох ирээдүйн ертөнцөд зөвхөн хэрэглэгч биш, харин аюулгүй, итгэлцэлтэй, өрсөлдөх чадвартай оролцогч болж чадна. Хамгийн гол нь бид эрсдэлээ мэддэг, түүнийг удирдах хяналттай, тэгээд аюулгүй хүрээнд шинэ боломжуудыг зоригтой туршиж чаддаг орчинтой болоосой гэж хүсэж байна.
Өөрийн туршлага, зөвлөгөөгөө хуваалцсан Баяртуяадаа баярлалаа. Дотоодын мэргэжилтнүүдийн түүх, туршлага, үнэтэй зөвлөгөөг үргэлжлүүлэн хүргэх #МонголынДатаМэргэжилтнүүд цувралын дараагийн дугаарыг 9-р сарын сүүлээр хүлээн аваарай.

