DAMA Mongolia Chapter-ийн нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
Өгөгдлийн менежментийн олон улсын мэргэжлийн холбоо болох DAMA International®-ийн Монгол дахь салбар байгууллага DAMA Mongolia Chapter-ийн нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, банк санхүү, технологи болон судалгааны байгууллагуудын төлөөлөл, өгөгдлийн мэргэжилтнүүд, судлаачид өргөнөөр оролцов.
Илтгэгчид Монгол Улсад өгөгдлийн засаглал, өгөгдлийн менежмент, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг хөгжүүлэхийн ач холбогдлыг салбар бүрийнхээ хүрээнд онцолж сонирхолтой яриа өрнүүлэв. Мөн олон улсын туршлага, мэргэжлийн стандартуудыг Монголд нутагшуулах, өгөгдлийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, салбарын хамтын нийгэмлэгийг хөгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Нээлтийн арга хэмжээнд DAMA International®-ийн Ерөнхийлөгчдийн зөвлөлийн дарга Ellen Mildred Brown Канад улсаас хүрэлцэн ирж оролцон өгөгдлийн менежментийн олон улсын чиг хандлага, мэргэжлийн стандартуудын талаар илтгэл тавьж, Монгол дахь салбарын ач холбогдлыг онцолсон юм.
Мөн арга хэмжээний үеэр ЦХИХХ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, DAMA Mongolia Chapter-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Гүен нар хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Цаашид DAMA Mongolia Chapter нь сургалт, хэлэлцүүлэг, мэргэжлийн уулзалт, судалгаа, хамтын ажиллагааны олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж, Монгол Улсад өгөгдлийн соёл болон өгөгдлийн засаглалыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах болно.













