DAMA Mongolia Chapter Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

📢 “Үндэсний их өгөгдлийн 3 жилийн аян”-нд хамтран ажиллах мэргэжилтнүүдийн бүртгэл эхлэлээ.


ЦХИХХ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, DAMA Mongolia Chapter-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Гүен нар нээлтийн арга хэмжээний үеэр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд “Үндэсний их өгөгдлийн 3 жилийн аян”-ыг хэрэгжүүлэх бөгөөд уг аян нь нийслэл болон 21 аймгийг хамарсан өргөн цар хүрээтэйгээр улс даяар хэрэгжих юм. Салбарын яамны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.


Тус аяны үндсэн зорилтууд нь:

  1. Их өгөгдөл, хиймэл оюуны талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх;
  2. Төрийн байгууллагуудын өгөгдлийн засаглал, өгөгдлийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх;
  3. Өндөр технологийн салбарын зөөлөн дэд бүтэц болох хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх зэрэг манай улсын технологийн суурь асуудлуудыг шийдэх юм.


Эндээс онцлох нь аяны хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад их өгөгдөл, хиймэл оюун, өгөгдлийн ухааны салбарын талаар суурь ойлголт олгох сургалт, идэвхжүүлэлтийн үйл ажиллагааг үнэ төлбөргүй зохион байгуулна. Энэ нь манай улсад дутагдаж буй өндөр технологийн салбарын зөөлөн дэд бүтцийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Салбарын мэргэжил нэгт нөхдөө уриалах нь:


Улсын хэмжээнд хэрэгжих энэхүү аянд нийслэл болон орон нутгууд дахь өгөгдлийн салбарын мэргэжилтнүүдийг гар бие оролцохыг DAMA Mongolia Chapter уриалж байна. Дэлхий даяар эрэлт хэрэгцээ нь өдөр ирэх тусам нэмэгдэж, ач холбогдлоороо тэргүүлэх болсон өгөгдлийн удирдлагын салбарын мэргэжлийн чиглэлүүдийн талаар ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, залуу үед маань хангалттай мэдлэг, ойлголт түгээмэл биш хэвээр байна. Үүний улмаас мэргэжил сонголтоо оновчтой хийх, мөн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн талаар бодит ойлголт авах боломж хязгаарлагдмал байгаа бөгөөд цаашлаад технологийн салбарын зөөлөн дэд бүтцийн тулгамдсан асуудлын нэг болж байна.


ЕБС-иудын ахлах ангийнханд сургалт орж нийгэмдээ хувь нэмрээ оруулах хүсэлтэй салбарын мэргэжилтнүүд маань 1–3 удаагийн сургалт орох боломжтой бөгөөд өнөөдрөөс эхлэн албан ёсоор бүртгэж эхэлж байна. Ингэхдээ хамгийн багадаа 1 жилийн туршлагатай байх шаардлагыг тавьж байгаа ба сургалтанд DAMA Mongolia Chapter-аас боловсруулсан контентыг ашиглана.


Мөн энэхүү аянд үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдээс өгөгдлийн мэргэжилтнүүдээ дайчлан дэмжлэг үзүүлэхээ эхнээсээ илэрхийлж байгааг мэдэгдэхэд баяртай байна. Бид хамтдаа илүү сайхан ирээдүйг бүтээж, технологиор дамжуулан хүмүүсийн амьдралд эерэг өөрчлөлт авчирч, салбараа олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээнд хөгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.


Энэхүү аянд оролцсоноор дараах давуу талуудтай:


  1. DAMA Youth Club-ийн нэг жилийн гишүүнчлэл;
  2. CDMP® сертификатын сургалт болон шалгалтын бэлтгэлд зориулсан мэргэжлийн сургалтын материалд хандах эрх;
  3. Олон салбарын өгөгдлийн мэргэжилтнүүдтэй нетворкинг хийх, туршлага солилцох, мэргэжлийн хүрээллээ тэлэх боломж;
  4. DAMA Mongolia Chapter-ийн бүх нээлттэй арга хэмжээнд 20%-ийн хөнгөлөлттэй үнээр оролцох боломж;
  5. DAMA Mongolia-ийн вэбсайт болон сошиал сувгуудаар оролцогч мэргэжилтнүүдийг онцлон танилцуулах;
  6. Аяны хүрээнд оролцсон мэргэжилтнүүдэд талархлын бичиг олгох;
  7. Улсын хэмжээнд хэрэгжих нийгмийн ач холбогдолтой санаачилгад оролцож, салбарын болон нийгмийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулах боломж.


Бүртгүүлэх холбоос: Үндэсний их өгөгдлийн аяны хүрээнд хамтран ажиллах мэргэжилтнүүдийн бүртгэл – Fill out form


Холбоо барих: ☎️ 75351222

📩 info@dama-mongolia.org