Монголын дата мэргэжилтнүүд булан №1
🇲🇳 Монголын дата салбарыг хэн, хэрхэн хөгжүүлж байна вэ?
DAMA Mongolia Chapter-аас өгөгдөл, технологийн салбарт ажиллаж буй Монгол мэргэжилтнүүдийн карьерын замнал, бодит туршлага, зөвлөгөөг олон нийтэд хүргэх #МонголынДатаМэргэжилтнүүд цувралыг эхлүүлж байна.
Энэхүү цувралаар дата салбарын мэргэжлүүд болон мэргэжилтнүүдийг таниулахын зэрэгцээ энэ чиглэлээр ажиллаж буй болон карьераа эхлүүлэхээр сонирхож буй хүмүүст мэдлэг, урам зориг өгөхийг зорилоо. Цувралын эхний дугаарын зочноор Капитрон банкны ахлах дата аналист Г.Халиун оролцож, дата салбарт анх хөл тавьсан түүх, карьерын туршлага, ажлын онцлог болон энэ чиглэлийг сонирхогчдод өгөх зөвлөгөөгөө хуваалцлаа.
- Өдрийн мэнд, өөрийгөө болон одоогийн ажлынхаа талаар товч танилцуулаарай.
- Намайг Ганзоригийн Халиун гэдэг. Хэрэглээний математикч мэргэжилтэй, банк санхүүгийн салбарт Ахлах дата аналистаар байгууллагын дата архитектур, BI системболон дата засаглал нэвтрүүлэх төслүүд дээр түлхүү ажилладаг.
- Дата чиглэл рүү анх хэрхэн орж байсан бэ? Анхнаасаа сонирхолтой байсан уу?
- Хэрэглээний математикаар суралцаж байхдаа логик сэтгэлгээ, математик тооцоолол, загварчлал, оновчлол, программчлалдаа сайн байсан болохоор багш нар маань санал болгож байсан. Онолын мэдлэгийг бодит орчинд буулгах нь амаргүй учраас хамгийн бүтэцлэгдсэн, их хэмжээний өгөгдөлтэй банк санхүүгийн салбарыг сонгон дата салбарт ажиллаж эхэлсэн. Үнэхээр л их өгөгдөлтэй ажиллахад математик сэтгэлгээ хамгийн хэрэгтэй байсан шүү.
- Одоогийн ажилдаа ямар төрлийн өгөгдөлтэй түлхүү ажилладаг вэ?
- Банкны их хэмжээний, бүтэцлэгдсэн санхүүгийн өгөгдөл болон бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой өгөгдөлтэй ажилладаг.
- Өгөгдөлтэй холбоотой хамгийн сонирхолтой асуудлыг хэрхэн шийдвэрлэж байсан бэ?
- Өгөгдөл надад өнгөрсөн хугацаанд юу болж өнгөрсөнг болон ирээдүйд юу болох боломжтойг өөрөө ярьж өгдөг. Би их сониуч болохоор өгөгдлийн чанарыг сайжруулах зорилгоор өгөгдөл хаанаас үүссэн, хэрхэн хувирч өөрчлөгдснийг эхнээс нь мөрдөж, учрыг нь олж илрүүлэх дуртай. Энэ нь надад би мөрдөгч, асуудал нь тухайн хэрэг, мөрдлөгийн үр дүнд олсон шийдэл нь миний шагнал гэж төсөөлөөд тухайн асуудлыг шийдвэрлэдэг.
- Монголын байгууллагуудад өгөгдлийн ямар асуудал хамгийн түгээмэл ажиглагддаг вэ?
- Өгөгдлийн чанарын асуудал хамгийн түгээмэл ажиглагддаг гэж боддог. Ялангуяа хүмүүс өөрсдөө ч анзааралгүйгээр өгөгдлийг гараар цэвэрлэж, засварлан ашигладаг тохиолдол олон байдаг. Энэ нь байгууллагад өгөгдлийн чанарыг системтэйгээр удирдах шаардлагатайг харуулдаг.
- Карьераа эхлүүлж буй хүмүүст ямар гурван зөвлөгөө өгөх вэ?
1. Их хэмжээний өгөгдөлтэй ажиллах учраас өгөгдлийн чанар болон тооцооллыг ижил түвшинд чухалчилж авч үзээрэй.
2. Онолын мэдлэгийг бодит орчинд хэрэгжүүлэхэд тооцоолол, программчлалын ур чадвараас гадна тухайн байгууллагын онцлог, үйл ажиллагаа, процессыг ойлгох нь маш чухал юм байна гэдгийг би ажлын туршлагаасаа ойлгосон.
3. Хүн суралцахаа зогсоосон цагаасаа үнэ цэнээ алдаж эхэлдэг гэж би боддог. Сурч мэдэх тусам мэдэхгүй зүйл хэчнээн их байгааг улам мэдэрдэг. Тиймээс тасралтгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлээрэй гэж зөвлөе.
- Байнга ашигладаг ном, сургалт, хэрэгслүүд нь юу вэ?
- Салбарын экспертүүдээс авч буй дата засаглал, дата салбарын чиг хандлагын талаарх ажлын туршлага, зөвөлгөө, тэдэнтэй хамтран ажиллах боломж зэрэг нь миний хувьд хамгийн том сургалт болдог. Мөн онолын мэдлэгээ гүнзгийрүүлэх зорилгоор өгөгдлийн ухааны чиглэлээр магистрын түвшинд суралцаж байна. Ажил, суралцах үйл явцдаа Generative AI, BI хэрэгслүүд, Oracle, Visual Studio Code зэрэг технологиос гадна DAMA-DMBOK, PMBOK зэрэг мэргэжлийн мэдлэгийн сан, арга зүйг ашигладаг.
- Монголын дата салбарыг таван жилийн дараа ямар байгаасай гэж хүсдэг вэ?
- Дата засаглал нь байгууллага бүрийн соёл, стратегийнх нь нэг хэсэг болчихсон байгаасай гэж хүсдэг Ингэснээр процессын болон шийдвэр гаргалтын оновчлол илүү өндөр түвшинд хөгжиж, чанартай өгөгдлийн суурьтай болсноор олон загварчлагдаагүй тооцооллууд хийгдэх боломж бүрдэнэ.
Г.Халиуны туршлагаас харахад дата мэргэжилтний үнэ цэн зөвхөн тооцоолол, программчлалын ур чадвараар хязгаарлагдахгүй. Өгөгдлийн чанарыг чухалчилж, байгууллагынхаа үйл ажиллагааг ойлгон, тасралтгүй суралцах нь чухал суурь болдог ажээ.
Өөрийн туршлага, зөвлөгөөгөө хуваалцсан Г.Халиундаа баярлалаа. Дотоодын мэргэжилтнүүдийн түүх, туршлага, үнэтэй зөвлөгөөг үргэлжлүүлэн хүргэх #МонголынДатаМэргэжилтнүүд цувралын дараагийн дугаарыг 9-р сард хүлээн аваарай.

